Хөрөнгө оруулагч тус бүрийн өгсөн захиалга нь нийт захиалгын дүнд хэдэн хувийг эзэлж буйгаар хувь тэнцүүлэн олгох арга юм. Хувь тэнцүүлэлтэд стратегийн болон 500 ширхэг хүртэлх захиалга 100 хувь биелж үлдсэн захиалгын дүнг хувь тэнцүүлнэ. Хувь тэнцүүлэхэд захиалгын цаг хугацааны дараалал үйлчлэхгүй.
Стратегийн хөрөнгө оруулагч нь дараах нөхцөлтэй. Үүнд:
- 50 сая төгрөгөөс дээш дүнгээр хөрөнгө оруулах
- Анхдагч зах зээлээс худалдан авсан хувьцаагаа 6 сарын хугацаанд арилжихгүй байх
Ханшийн зөрүүний болон ногдол ашгийн гэсэн үндсэн 2 төрлийн өгөөж хүртэх боломжтой.
Монложистикс Холдинг нь ногдол ашгийн бодлогын төсөлд жил бүр цэвэр ашгийн 20-50 хувийг ногдол ашиг болгон хуваарилахаар тусгасан. 2023 онд 12.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төсөөлсөн бөгөөд 3-9 хувийн ногдол ашгийн өгөөж хүртэхээр байна.
Хоёрдогч зах зээл дээр хувьцааны ханш IPO-ийн үнээс 15 хувиар буурахад үнэ тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэх бөгөөд тус бодлогын хүрээнд 500 сая төгрөгөөр хоёрдогч зах зээлээс хувьцаагаа худалдан авахаар төлөвлөөд байна. 500 сая төгрөг нь олон нийтэд гаргаж буй дүнгийн 15 хувьтай тэнцэхүйц дүн юм.
Хөндлөнгийн үнэлгээний компани Гэрэгэ Эстимэйт ХХК нь
Үнэт цаас гаргагчийн бизнесийн үнэлгээг хорогдуулсан
мөнгөн урсгалын аргаар хийж гүйцэтгэсэн. Хөндлөнгийн
үнэлгээний байгууллага нь Монложистикс Холдингийн
бизнесийн үнэлгээг 81.5 тэрбум төгрөгөөр тооцоолсон.
Түүнээс андеррайтер болон үнэт цаас гаргагчаас зах
зээлийн нөхцөл байдлыг харгалзаж нэгж хувьцааны үнийг
10 хувиар хямдруулан санал болгохоор шийдвэрлэсэн. Энэ
нь бизнес өмчлөлийн үнэ цэнээр илэрхийлбэл 73.2 тэрбум
төгрөгтэй тэнцэж байна.
P/B – (Price / book value ) –Хувьцааны зах зээлийн үнийг санхүүгийн бланс дээрх дансны үнэд хувааж буй харьцаа юм. Монложистикс Холдинг ХХК-ийн Post P/B харьцаа 1.7 байгаа нь 2017 оноос хойших IPO-ийн дундажтай ижил түвшинд байна.
P/E – ( Price / Earning ) – Хувьцааны зах зээлийн үнийг нэгж хувьцаанд ногдох цэвэр ашигт хувааж буй харьцаа юм. Монложистикс Холдинг ХХК-ийн Post P/Eхарьцаа нь 7.4 байгаа нь 2018 оноос хойш IPO-ийн 2.1 дахин бага түвшинд байна.
Жич: Хэт хазайлттай хувьцаануудын нөлөөг арилгах зорилгоор медиан утгыг ашиглав.
Хорогдуулалтын хувь гэдэг нь ирээдүйн мөнгөн урсгалуудын өнөөгийн үнэ цэнийг олоход ашигладаг хүүгийн түвшинг илэрхийлнэ. Хорогдуулалтын хувийг ихэсгэх тусам үнэлгээг бууруулдаг. Монложистикс Группийн хувьд охин компани тус бүрийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан өөр өөр хорогдуулалтын хувь ашигласан бөгөөд хорогдуулалтын дундаж хувь 24.5% байна. Энэ нь 2017 оноос хойших IPO- өөс 2-т орохуйц өндөр үзүүлэлт бөгөөд бодлогын хүү 13 хувь байх үеийнхээс хамгийн өндөр хорогдуулалтын хувь байна.