ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудиторын чиг үүрэг

ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитор нь “Дотоод аудитын дүрэм” BOD-0108.P-ийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн хараат бус, бие даасан, бодитойгоор баталгаажуулах, зөвлөх үйл ажиллагааг эрхлэх үндсэн зорилгын хүрээнд Монложистикс Группийн толгой болон охин компаниуд, тэдгээрийн бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд аудит хийж, удирдлагыг мэдээллээр хангах, аудитын үр дүнгээр шийдвэр гаргуулж, биелэлтийг хангаж ажиллах замаар байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, засаглал дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын чадавхыг үнэлэх, сайжруулах үндсэн зорилгын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:

  1. Дунд хугацааны болон тухайн жилийн аудит, шалгалтын ажлын төлөвлөгөөг боловсруулж, ТУЗ-ийн АЭУХ-гоор хэлэлцүүлж батлуулах Монложистикс Группийн толгой болон охин компаниуд, тэдгээрийн бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд аудит хийж, санал, дүгнэлт, зөвлөмж гарган Монложистикс Холдинг ХК-ийн ТУЗ-ийн АЭУХ-нд танилцуулан холбогдох шийдвэр гаргуулж, үүрэг даалгавар өгөх;

  2. Монложистикс Группийн толгой болон охин компаниуд, тэдгээрийн бүтцийн нэгжүүдэд байгууллагын үйл ажиллагааны хамгаалалтын гурван шугамын дагуу хяналт тавих, аливаа эрсдэл, зөрчлийн үндсэн шалтгааныг тогтоож дахин давтагдахаас сэргийлэх тогтолцоог бий болгох;

  3. Аудитаар илэрсэн зөрчлийг арилгахаар аудитын дүгнэлт, зөвлөмжөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих;

  4. Шүгэл үлээх шугамаар ирсэн мэдээллийн мөрөөр шалгалт хийх, тогтоосон хугацаанд нь багтаан хариу өгөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах;

  5. Монложистикс Группийн толгой болон охин компаниудын санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийж байгаа аудитын компани, гаднаас ирж ажиллаж байгаа шалгалтын ажлын хэсэгтэй хамтран ажиллах; 

  6. Группийн толгой болон охин компаниудын үйл ажиллагааны эрсдэлийн талаарх заавар, журмын хэрэгжилтийг шалган санал, зөвлөмж, дүгнэлт гаргаж, үр дүнг Монложистикс Холдинг ХК-ийн ТУЗ-ийн АЭУХ-нд танилцуулах;

  7. Монложистикс Группийн толгой болон охин компаниудын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хэрхэн хангаж байгаа, болзошгүй халдлага, онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалгах;

  8. Улирал бүр хийсэн аудит, хяналт, шалгалтын тайланг нэгтгэж Монложистикс Холдинг ХК-ийн ТУЗ-ийн АЭУХ-нд танилцуулах;

  9. Засаглал, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагатай холбоотой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлага, мэдлэгийг Монложистикс группэд нэвтрүүлэх, хэрэгжүүлж хэвшил болгох, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах.