Замын-Үүд боомтын нөхцөл байдлыг урьдчилан таамаглах боломжгүй байна

ДЭЛХИЙ ДАХИНД

ЧИНГЭЛЭГ ТЭЭВРИЙН ЗАХ ЗЭЭЛД ХҮЧИН ЧАДЛЫН ИЛҮҮДЭЛ ҮҮСЭХ ТӨЛӨВТЭЙ

Дэлхийн чингэлэг тээврийн салбарт шинээр ашиглалтад орох хөлөг онгоцны тоо нэмэгдэж байгаа нь ойрын жилүүдэд хүчин чадлын илүүдэл үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байна. Drewry компанийн таамаглалаар тээвэрлэлтийн нийлүүлэлтийн хүчин чадал ирэх гурван жилд жил бүр 8.8%, 12.1% болон 10%-иар өсөх төлөвтэй байна.

Гол өөрчлөлтүүд:

  • Шинэ хөлөг онгоцны нийлүүлэлт: Зах зээлд 2.3 сая TEU-ийн хүчин чадал шинээр нэмэгдэнэ.

  • Улаан тэнгисийн маршрут: Сайн найдварын хошууг тойрон явж байсан хөлөг онгоцнууд эргэн шилжсэнээр нэмэлт 2.6 сая TEU-ийн хүчин чадал зах зээлд орж ирэх төлөвтэй байна. Эдгээр хөлөг онгоцны 80% нь 2027 оны хоёрдугаар сар гэхэд эргэн ирэхээр тооцоолжээ.

  • Хүчин чадлыг бууруулах арга хэмжээ: Хөлөг онгоцны хурдыг бууруулах, ашиглалтаас түр гаргах, хуучин хөлөг онгоцуудыг задлах зэрэг арга хэмжээ нийлүүлэлтийн өсөлтийг бүрэн нөхөж чадахгүй.

Drewry-ийн шинжээчдийн үзэж байгаагаар боомтын түгжрэл, геополитикийн эрсдэл болон дэд бүтцийн хязгаарлалт нь бодитоор ашиглах боломжтой хүчин чадлыг бууруулах боловч шинээр нэмэгдэх хөлөг онгоцны асар их нийлүүлэлтийг шингээхэд хангалтгүй байна.

Зах зээлийн төлөв: Чингэлэг тээврийн хүчин чадлын илүүдэл үүсэх нь зайлшгүй болж болзошгүй бөгөөд энэ нь тээвэрлэгчдийн өрсөлдөөнийг эрчимжүүлж, тээврийн үнэ болон маршрутын сонголтод нөлөөлөх төлөвтэй байна.

ПАНАМЫН СУВАГ БОГИНО ХУГАЦААНЫ ЗАХИАЛГЫГ СЭРГЭЭВ

Усны түвшний улмаас саатаад байсан Панамын сувгийн захиргаа аравдугаар сарын 21-нээс Panamax төрлийн цоожоор дамжин өнгөрөх хөлөг онгоцны богино хугацааны захиалгыг сэргээжээ. Хур тунадас нэмэгдэж, ус хэмнэх арга хэмжээний үр дүнд үйл ажиллагаа тогтворжсон ч усны хомсдол хэвээр байгаа тул урьдчилсан захиалгагүй хөлөг онгоцууд саатах эрсдэлтэй байна.

Гол үзүүлэлтүүд:

  • Хөлөг онгоцны хөдөлгөөн: 2026 оны санхүүгийн жилд 13,951 хөлөг онгоц дамжин өнгөрсөн нь өмнөх жилээс 4.1%-иар өссөн үзүүлэлт.

  • Ачаа тээвэрлэлтийн хэмжээ: 521 сая Панамын сувгийн хэмжилтийн тоннд хүрч, 6.5%-иар нэмэгдсэн.

  • Өдөр тутмын хүчин чадал: Аравдугаар сарын 15-наас дамжин өнгөрөх захиалгын тоог 33 хөлөг онгоц болгон нэмэгдүүлсэн.

  • Урт хугацааны захиалга: 2027 оны нэгдүгээр сарын 3-наас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд Panamax төрлийн 288, Neopanamax төрлийн 270 захиалгын эрхийг өрсөлдөөнт журмаар хуваарилна.

Зах зээлийн төлөв: Панамын сувгийн дамжин өнгөрөх нөхцөл аажмаар сайжирч байгаа ч усны нөөцийн хязгаарлалт хэвээр байна. Иймд тээвэрлэгчид захиалгаа урьдчилан баталгаажуулж, боломжит саатлыг тооцон тээвэрлэлтийн хуваариа төлөвлөх нь чухал хэвээр байна.

 

ДОТООД МЭДЭЭ

ЗАМЫН-ҮҮД БООМТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

БНХАУ -н Үндэсний баярын амралт дууссаны дараагаас Эрээн-Замын Үүд чиглэлд автомашины их хэмжээний бөөгнөрөл үүсч, хил нэвтрэх үйл ажиллагаа удааширсан бөгөөд сүүлийн өдрүүдэд нөхцөл байдал хүндрээд байна.

Үүнд түлшний үнийн өсөлт, автомашины эргэлт удааширснаас үүдэлтэй тээврийн хэрэгслийн олдоцын хомсдол зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.

Өдөрт дунджаар 300-420 машин хил нэвтрэх боломжтой байгаа боловч бодит нэвтрүүлэлтийн хэмжээ нь хилийн цагийн хуваарь, гаалийн талбайн багтаамж болон тухайн өдрийн автомашины урсгалаас хамааран харилцан адилгүй байна.

Үүнээс гадна өвлийн дизель түлшний үнэ олон улсын зах зээлд 20% орчим нэмэгдсэн байгаа бол манай улсын хувьд 10- р сард татан авсан түлш литр тутамд 800-1000 төгрөгөөр нэмэгдэх төлөвтэй байгааг АҮЭБЯ -с мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар дизель түлшний үнэ дунджаар 5700-6000 төгрөгний үнэтэй байна.

Иймээс цаашид үргэлжлүүлэн ачаа тээвэрлэлтийн хугацаанд саатал үүсэж хугацаа хойшлох, тээврийн үнийн өсөлт зэрэгт олон хүчин зүйл нөлөөлж байгаа тул нөхцөл байдал сайжирч хэвийн болох эсэхийг цаг хугацааны хувьд урьдчилан таамаглах боломжгүй, тодорхойгүй нөхцөл байдалтай байна.

 

БООМТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

ТЯНЬЖИН БООМТ

  • Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа 6000TEU орчим үлдэгдэл үүссэн байна.
  • Тяньжинд ирсэн ачаа Замын-Үүд чиглэлд галт тэргэнд ачигдах хүртэл дундаж хугацаа 35-40 хоног байна.

ЕВРОПЫН ХИЛ

АВТО:

  • Польш → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Литва → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Латви → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Беларусь → Орос: өдөртөө нэвтэрч байна.

ТӨМӨР ЗАМ:

Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног цуваа бүрдэх хугацаанаас хамааран 14-21 хоног байна.

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn