Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэлтийг зогсоож байна

ДЭЛХИЙ ДАХИНД

УЛААН ТЭНГИСЭЭР ХАМГААЛАЛТТАЙ НЭВТРЭХ ХӨЛӨГ ОНГОЦНЫ ЭРЭЛТ НЭМЭГДЭВ

Анх 2024 онд Суэцийн сувгагт худалдааны хөлөг онгоцуудыг Хути бүлэглэлийн халдлагаас хамгаалах зорилгоор “Aspides” ажиллагааг байгуулсан ба Итали, Грек улс үндсэн хүчээр оролцож, Герман, Франц, Испани, Нидерланд, Бельги зэрэг улс нэмэлтээр хамгаалалтын хөлөг нийлүүлж ажиллаж ирсэн.

Сүүлийн үед контейнер тээврийн худалдааны хөлгүүд Суэцийн сувгийн маршрутад олноороо эргэн нэвтэрч байна. 5-р сараас хойш 2 сая TEU багтаамжтай 140 -с дээш хөлөг онгоц Суэцийн сувгийн маршрутад эргэн орсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт 4000TEU -с дээш багтаамжтай 30 хөлөг дамжин өнгөрчээ. Энэ нь 2024 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Үүний улмаас Европын холбооны “Aspides“ ажиллагааны хүрээнд Суэцийн сувгаар хамгаалалттай нэвтрэх хүсэлт нэмэгдэж, худалдааны хөлөг онгоцууд хамгаалалтын цуваанд нэгдэхийн тулд ээлжээ хүлээх нөхцөл үүсээд байна.

ЕХ -ны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн төлөөлөгч Кая Калласын мэдээлснээр, хамгаалалтын үйлчилгээний эрэлт нэмэгдсэн ч шаардлагатай тооны хамгаалалтын хөлөг онгоц хүрэлцэхгүй байгаа гэжээ.

Анх уг ажиллагаанд дор хаяж 10 хөлөг онгоц шаардлагатай гэж тооцож байсан ч одоогийн аюулгүй байдлын нөхцөл байдал хүндрэхийн зэрэгцээ боломжит хамгаалалтын хөлөг онгоцны тоо хангалтгүй хэвээр байна.

Суэцийн сувгийн маршрутад худалдааны хөлгүүд эргэн ирж байгаа нь Ази-Европын тээврийн урсгал хэвийн болох хандлагыг харуулж байгаа ч аюулгүй байдлын нөхцөл байдал нь гол хүчин зүйл хэвээр байна.

эх сурвалж: Splash /Sam Chambers/

 

ДОТООД МЭДЭЭ

ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД

2026 оны 10-р сарын 15-ны өдрөөс 2026 оны 11-р сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд авто замаар зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоож байгааг мэдэгдэж байна!

Хүйтэн сэрүүний улирал ирж, цаг агаар сэрүүсч байгаа энэ үед газрын хөрс, далангийн өнгөн хэсэг хөлдөж, ус чийг ихээр хуримтлагдасанаар авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг.

Энэ үед “Автотээврийн хэрэгслийн ангилал, техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2025” стандартын 5.2 дахь заалтад нийцүүлэн  тээвэрлэлт хийж, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийг дуустал хугацаагаар зогсоож байна.

Дээрх хугацаанд  зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээвэрлэлт хийж авто зам, замын байгууламжид хохирол үүсгэсэн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага холбогдох  хуулийн дагуу хохирлыг барагдуулна.

эх сурвалж: зам тээврийн яам

 

БООМТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ

/ БНХАУ-ын Үндэсний баяр болон “Golden Week”-тэй холбоотой Эрээн-Замын Үүд хилийн боомт 10-р сарын 1 ний өдрөөс 10-р сарын 7 ны өдөр хүртэл хааж байгаа тул харилцагч та бүхэн анхаарч ажиллана уу /

ТЯНЬЖИН БООМТ

  • Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу тээвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа 7200TEU үлдэгдэл үүссэн байна.
  • Тяньжинд ирсэн ачаа Замын-Үүд чиглэлд галт тэргэнд ачигдах хүртэл дундаж хугацаа 35-40 хоног байна.

ЕВРОПЫН ХИЛ

АВТО:

  • Польш → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Литва → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Латви → Беларусь: гарахад 1-2 хоног, ороход 1-2 хоног

  • Беларусь → Орос: өдөртөө нэвтэрч байна.

ТӨМӨР ЗАМ:

Чингэлэгийн Брест өртөөнд хүлээгдэх хоног цуваа бүрдэх хугацаанаас хамааран 14-21 хоног байна.

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn