Ачаагаа хүргэсэн л бол чингэлгийн үүрэг дуусдаггүй. Дараагийн ачилт эхлэх газарт түүнийг цаг тухайд нь хүргэх нь олон улсын тээврийн өртөг, хүчин чадал, найдвартай байдлыг тодорхойлдог.
Empty container repositioning гэж юу вэ?
Олон улсын худалдаанд бараа бүтээгдэхүүн хоёр чиглэлд ижил хэмжээгээр урсдаггүй. Үйлдвэрлэл төвлөрсөн бүс нутгаас хэрэглээ өндөртэй зах зээл рүү их хэмжээний ачаа хөдөлдөг ч буцах чиглэлийн ачааны хэмжээ түүнтэй дүйхгүй байх нь түгээмэл. Үүний үр дүнд нэг боомтод хоосон чингэлэг хуримтлагдаж байхад нөгөө боомтод экспортын бараа ачих чингэлэг дутагдана. Энэхүү зөрүүг зохицуулахын тулд тээвэрлэгчид хоосон чингэлгийг илүүдэлтэй газраас эрэлттэй бүс рүү шилжүүлдэг. Салбарын нэр томьёогоор үүнийг хоосон чингэлгийн дахин байршил буюу empty container repositioning гэж нэрлэнэ. Энэ нь чингэлэгт тээврийн сүлжээг тасралтгүй ажиллуулахад шаардлагатай үндсэн ажиллагааны нэг юм.
Чингэлгийг олон улсын худалдаанд дахин дахин ашиглагддаг тээврийн хөрөнгө гэж ойлгох хэрэгтэй. Түүний эдийн засгийн үр ашиг нь нийт хэдэн чингэлэг эзэмшиж байгаагаас гадна нэг чингэлгийг ямар давтамжтайгаар дараагийн тээвэрт ашиглаж байгаагаас хамаарна. Ачаагаа буулгасны дараа удаан хугацаагаар зогсож буй чингэлэг дараагийн захиалгад үйлчлэх боломжгүй хэвээр байдаг.
Энэ механизмыг хялбаршуулсан жишээгээр тайлбарлаж болно. А боомтоос Б боомт руу долоо хоногт ижил хэмжээ, төрлийн 100 чингэлэг ачаа илгээдэг байхад буцах чиглэлд 40 чингэлэг дүүргэх ачаа бэлэн болдог гэж үзье. Бусад хөдөлгөөнийг тооцохгүй бол Б боомтод 60 хоосон чингэлэг үлдэнэ. Харин А боомтын дараагийн ачилтад тэр хэмжээний хэрэгцээ үүснэ. Ийм нөхцөлд хоосон чингэлгийг шилжүүлэхгүй байх нь экспортын урсгалыг хязгаарлах эрсдэлтэй.
Хоосон чингэлэг заавал буцаж ирдэг үү?
Бодит тээврийн сүлжээнд чингэлэг заавал анх гарсан боомт руугаа буцдаггүй. Дараагийн ачааны байршил, хөлгийн хуваарь, тээврийн зардлаас хамааран гуравдагч боомт эсвэл өөр бүс нутагт хуваарилагдаж болно. Тээвэрлэгчийн зорилго нь нийт сүлжээний хэрэгцээг боломжит бага зардлаар хангах явдал юм.
Буцах чиглэлд ачаа байгаа тохиолдолд ч бүх хоосон чингэлгийг шууд ашиглах боломжгүй. Ачаанд тохирох хэмжээ, төрөл, техникийн байдал болон ачилтын хугацаа хоорондоо нийцсэн байх шаардлагатай. Жишээлбэл, хөргөлттэй тээвэр шаардах бүтээгдэхүүнд энгийн хуурай чингэлэг ашиглах боломжгүй. Мөн чингэлгийн эзэмшил, ашиглалтын гэрээ, тээвэрлэгчийн зөвшөөрөл нь хуваарилалтад нөлөөлнө. Ийм нөхцөлүүдээс шалтгаалан нэг газарт чингэлэг илүүдэлтэй харагдавч тодорхой захиалгад тохирох чингэлэг дутагдаж болно. Хоосон чингэлгийг тээвэрлэх эсвэл ачаа олдтол хүлээлгэх шийдвэр нь эдийн засгийн тооцоонд тулгуурладаг. Хүлээлгэвэл талбай ашиглалт, хадгалалтын зардал нэмэгдэж, чингэлгийг өөр тээвэрт ашиглах хугацаа хойшилно. Шууд шилжүүлбэл ачих, буулгах, далайн болон хуурай газрын тээврийн зардал гарна. Тээвэрлэгч эдгээр зардлыг дараагийн ачилтын хэрэгцээ, боломжит орлого, үйлчилгээний үүрэгтэй хамтатган үнэлдэг.
Тиймээс зарим нөхцөлд буцах ачаа хүлээхээс илүү чингэлгийг хоосноор нь эрэлттэй зах зээлд түргэн хүргэх нь нийт сүлжээний хувьд ашигтай байж болно. Хоосон чингэлгийн аялал нь дэлхийн үйлдвэрлэл, хэрэглээний газарзүйн зөрүүг илэрхийлдэг. Түүнийг оновчтой хуваарилах чадвар нь дараагийн экспортын ачилт хугацаандаа эхлэх, тээврийн хүчин чадал үр ашигтай ашиглагдах нөхцөлийг бүрдүүлнэ.
