Олон улсын тээврийн үнийн санал авахад ижил хэмжээтэй ачаа, ижил чиглэл боловч компани бүрийн санал яагаад өөр байдаг вэ? Мөн өнөөдөр авсан үнэ хэдхэн долоо хоногийн дараа яагаад өөрчлөгдөж болох вэ?
Учир нь тээврийн үнэ зөвхөн А цэгээс Б цэг хүртэл ачаа зөөх үндсэн тариф биш юм. Тээврийн үнэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд маршрут, ачааны жин ба эзлэхүүн, терминалын зардал, түлш, улирлын эрэлт болон геополитикийн эрсдэл багтана.
Үндсэн тариф бол нийт үнийн зөвхөн нэг хэсэг
Тээврийн үнийн хамгийн ойлгомжтой хэсэг нь base freight буюу үндсэн тээврийн тариф. Далайн FCL тээвэрт үүнийг ихэвчлэн контейнерээр, LCL тээвэрт жин болон эзлэхүүнээр, агаарын тээвэрт chargeable weight буюу тооцооны жингээр, авто болон төмөр замын тээвэрт маршрут, зай, жин, тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарч тооцдог. DHL Global Forwarding-ийн стандарт нөхцөлд агаарын тээврийн эзлэхүүний жинг 1 м³ ≈ 166.67 кг буюу 1:6 нягтын харьцаагаар тооцож, бодит болон эзлэхүүний жингийн ихийг ашигладаг. Ачааны бодит жин тээврийн үнэ тооцоход хангалтгүй тохиолдол ч олон. Хөнгөн боловч их зай эзэлдэг ачаа тээврийн хэрэгслийн багтаамжийг ихээр ашигладаг тул агаарын болон түүвэр тээвэрт эзлэхүүний жинг тооцдог.
Гэхдээ үндсэн тариф нь эцсийн төлөх үнэ гэсэн үг биш. Нэг санал зөвхөн port-to-port тээврийг багтааж байхад нөгөө нь үйлдвэрээс ачаа авах, терминалын үйлчилгээ, олон улсын тээвэр, гааль, эцсийн хүргэлт бүхий door-to-door үйлчилгээ байж болно. Тиймээс үнийн саналуудыг зөв харьцуулахын тулд үйлчилгээний хамрах хүрээг эхлээд ижил түвшинд авч үзэх шаардлагатай.
Терминал, бичиг баримт, хүргэлтийн зардлууд нэмэгдэнэ
Олон улсын тээврийн саналд үндсэн тээврээс гадна origin болон destination charges ордог. Үүнд терминалын ажиллагаа, ачих буулгах, бичиг баримт боловсруулах, экспорт, импортын үйлчилгээ, боомтын хураамж зэрэг багтаж болно.
Энэ нь далайн тээврийн тариф буурсан ч нийт ложистикийн өртөг яг ижил хэмжээгээр буурах албагүй гэсэн үг. Ялангуяа Монгол шиг далайд гарцгүй улсын хувьд далайн тээврийн үнэ дээр боомтоос Монгол хүртэлх төмөр зам, авто тээвэр, шилжүүлэн ачих болон терминалын зардлууд нэмэгдэж байж нийт өртөг бүрдэнэ.
Түлш, эрэлт, багтаамж үнэ дээр хамгийн хурдан нөлөөлдөг
Түлш нь усан онгоц, онгоц, авто тээврийн томоохон зардлын нэг тул үнийн хэлбэлзэл freight rate-д шууд нөлөөлдөг. Тиймээс тээвэрлэгчид fuel surcharge, bunker surcharge зэрэг нэмэлт төлбөр ашигладаг.
Үүний зэрэгцээ тээврийн үнэ эрэлт, нийлүүлэлтээс ихээхэн хамаарна. Баярын өмнөх оргил үе, үйлдвэрлэлийн улирал, тарифын өөрчлөлтөөс өмнөх импортын өсөлт зэрэг үед контейнер болон агаарын тээврийн багтаамж хомсдож, Peak Season Surcharge бий болох боломжтой.
Мөн тээвэрлэгчид зарим аяллаа цуцлах буюу blank sailing хийх үед зах зээл дээрх бодит хүчин чадал буурч, эрэлт хэвээр байсан ч үнэ өсөх нөхцөл үүсдэг.
Геополитикийн эрсдэл маршрутыг уртасгаж, өртгийг нэмэгдүүлдэг
Суэцийн суваг, Ормузын хоолой зэрэг стратегийн бүсүүдэд тасалдал гарахад ачааг өөр маршрутаар тээвэрлэх шаардлага үүсдэг. Энэ үед зөвхөн туулах зай уртсахгүй.
Түлшний хэрэглээ нэмэгдэж, аяллын хугацаа уртасна. Усан онгоц дараагийн аялалдаа орох хугацаа хойшилж, контейнерийн эргэлт удааширна. Даатгал, аюулгүй байдлын зардал ч нэмэгдэж болно. Тиймээс геополитикийн эрсдэл нэг маршрутын үнийг бус, нийт тээврийн зах зээлийн багтаамжид нөлөөлөх чадвартай.
Incoterms үнэ биш, зардлын хариуцлагыг тодорхойлдог
FOB, FCA, CIF, CPT, DAP зэрэг Incoterms® нөхцөл нь тээврийн тарифыг өөрөө тогтоодоггүй. Харин худалдагч, худалдан авагч хоёрын аль нь тээвэр, даатгал, экспорт, импорт болон хүргэлтийн ямар зардлыг хариуцахыг тодорхойлдог.
Тиймээс ижил барааны хоёр үнийг харьцуулахдаа зөвхөн үнийн дүнг бус, ямар Incoterms нөхцөлтэй, ямар үйлчилгээ багтсан болохыг шалгах нь чухал.
Хугацаа мөн зардал болдог
Ачаа терминал, боомт, агуулахад төлөвлөснөөс удаан саатвал storage, demurrage, detention зэрэг нэмэлт төлбөр үүсч болно. Эдгээр нь анхны тээврийн тарифын хэсэг биш боловч нийт зардлыг мэдэгдэхүйц өсгөдөг.
Тиймээс гаалийн бичиг баримт, контейнер татан авах хугацаа, агуулах болон дотоод хүргэлтийг урьдчилан төлөвлөх нь зөвхөн хугацаа хэмнэх бус, бодит зардлыг бууруулах ач холбогдолтой.
Тээврийн үнэ ба нийт ложистикийн өртөг ялгаатай
Ерөнхийд нь авч үзвэл: Нийт ложистикийн өртөг = үндсэн тээвэр + терминалын зардал + нэмэлт surcharge + дотоод тээвэр + үйлчилгээний төлбөр + хугацаанаас шалтгаалах зардал. Үүн дээр худалдааны нөхцөлөөс хамаарч гаалийн татвар, НӨАТ зэрэг төлбөр нэмэгдэж барааны landed cost бүрдэнэ.
“Хамгийн хямд үнэ” үргэлж хамгийн сайн санал биш
Тээврийн үнийн саналыг зөв үнэлэхийн тулд зөвхөн эцсийн дүнг бус, үйлчилгээний хамрах хүрээ, маршрут, тээврийн хугацаа, үнэ хүчинтэй байх хугацаа, багтсан болон нэмэлтээр гарах боломжтой зардлуудыг цогцоор нь харьцуулах шаардлагатай.
Тиймээс тээврийн үнийг зөв ойлгох хамгийн эхний асуулт нь “Яагаад ийм үнэтэй байна?” биш, “Энэ үнэд яг юу багтсан бэ?” байх ёстой. Энэ ялгааг зөв ойлгосноор бизнес тээврийн бодит өртгөө зөв тооцож, гэнэтийн зардлаа бууруулж, маршрут болон тээврийн төрлөө илүү оновчтой сонгох боломжтой.
