Олон улсын худалдаанд чингэлэг (container) нь ложистикийн стандарт нэгж болохын зэрэгцээ тээвэрлэлтийн зардал, хугацаа, эрсдэлийн удирдлагад шууд нөлөөлдөг стратегийн хүчин зүйл юм. Энэхүү нийтлэлээр тээврийн салбарт өргөнөөр ашиглагдаж буй чингэлгийн үндсэн төрлүүд, ялгаа болон зориулалтыг хүргэж байна.

1. Standard Dry Container (Стандарт чингэлэг)
Стандарт чингэлэг нь дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг төрөл бөгөөд нийт тээвэрлэлтийн ойролцоогоор 80%-ийг бүрдүүлдэг. Энэхүү чингэлэг нь ихэвчлэн паллетжуулсан эсвэл хайрцагласан нийтлэг ачаанд зориулагдсан байдаг. Хэмжээний хувьд 20ft, 40ft, 40ft high cube гэж ангилагддаг бөгөөд хямд өртөгтэй, дэлхийн 190 гаруй орны боомт, терминалд нийцсэн стандарт бүхий олон нэр төрлийн бараа тээвэрлэх боломжтойгоороо импортлогч, дистрибьютер компаниудад хамгийн түгээмэл ашиглагддаг.
2. Reefer Container (Хөргүүртэй чингэлэг)
Reefer чингэлэг нь цахилгаанаар ажилладаг хөргөлт, халаалтын системтэй бөгөөд температурт горимтой ачааг тээвэрлэхэд зориулагдсан. Энэ төрлийн чингэлэг нь жимс, хүнсний ногоо, мах, загас, сүүн бүтээгдэхүүн эмийн болон биологийн зэрэг бүтээгдэхүүнд тохиромжтой. Хөргөлтийн систем нь тээвэрлэлтийн туршид температур, чийгшил, агаарын урсгалыг тогтвортой хянаж, бүтээгдэхүүний чанар, хадгалах хугацааг хамгаалдаг. Гэсэн хэдий ч стандарт чингэлгээс илүү өндөр өртөгтэй, эрчим хүчний тогтвортой эх үүсвэр шаарддагаараа онцлогтой.
3. Open Top Container (Дээвэргүй чингэлэг)
Open Top чингэлэг нь дээврийн хэсэг нээлттэй, дээрээс ачаа ачих боломжтой тусгай зориулалтын контейнер юм. Дээд хэсгийг ихэвчлэн хамгаалалтын даавуун бүрхүүлээр (tarpaulin) хаадаг. Стандарт хаалгаар багтахгүй, өндөр, овортой ачаа, машин, тоног төхөөрөмж тээвэрлэхэд тохиромжтой. Ачилтыг ихэвчлэн кран, өргөгч төхөөрөмжөөр гүйцэтгэдэг бөгөөд цаг агаарын нөлөөлөлд илүү өртөмтгий, нэмэлт бэхэлгээ (lashing) шаардлагатай гэдгээрээ стандарт чингэлгээс ялгаатай.
4. Flat Rack Container (Хажуу ханагүй чингэлэг)
Flat Rack чингэлэг нь хажуу ханагүй, зарим тохиолдолд дээвэргүй бүтэцтэй бөгөөд хэт овортой, хүнд жинтэй ачаанд зориулагдсан. Тухайлбал барилгын тоног төхөөрөмж, уул уурхайн машин механизм зэрэг ачаанд өргөн ашиглагддаг. Open Top чингэлэгтэй харьцуулахад ачааны хэмжээний хязгаарлалт бага, хажуу талаас ачих боломжтой гэдгээрээ илүү уян хатан шийдэл болдог.
Дээрх үндсэн төрлүүдээс гадна тусгай зориулалтын чингэлгүүд мөн өргөн хэрэглэгддэг. Жишээлбэл, агааржуулалттай (Ventilated) чингэлэг нь кофе, какао, үр тариа зэрэг чийг, үнэр мэдрэмтгий ачааны чанарыг хадгалахад ашиглагддаг. Харин Tank Container нь химийн бодис, хүнсний шингэн, шатахуун зэрэг шингэн ачааг аюулгүй, стандартын дагуу тээвэрлэхэд зориулагдсан байдаг.
Оновчтой тээвэрлэлтийг зохион байгуулахын тулд ачааны төрөл, жин ба хэмжээ, тээврийн маршрут, зардал-эрсдэлийн харьцаа болон стандартын шаардлагуудыг цогцоор нь харгалзан үзэх нь шийдвэрлэх ач холбогдолтой байдаг.
