Олон улсын худалдаа, томоохон төслийн тээвэрлэлт өсөн нэмэгдэхийн хэрээр нэг л төрлийн тээврээр ачааг эхнээс нь эцэс хүртэл хүргэх нь зардал, хугацаа, эрсдэлийн хувьд үр ашиггүй болох тохиолдол түгээмэл. Ийм нөхцөлд Multimodal болон Intermodal тээвэр нь ложистикийн оновчтой, стратегийн шийдэл болдог. Гэсэн ч эдгээр хоёр ойлголтыг практикт ихэвчлэн андуурч хэрэглэдэг. Тиймээс ялгаа, давуу тал, ямар үед аль загварыг сонгох нь зөв болох талаар хүргэж байна.
Multimodal тээвэр гэж юу вэ?
Multimodal тээвэр гэдэг нь ачааг хоёр ба түүнээс дээш төрлийн тээврийн хэрэгсэл (жишээлбэл: далай + төмөр зам + авто зам + агаар) ашиглан, нэг гэрээ, нэг хариуцлага, нэг операторын удирдлага дор тээвэрлэх ложистикийн цогц хэлбэр юм. Энэ тохиолдолд тээвэрлэлтийг бүхэлд нь Multimodal Transport Operator (MTO) хариуцаж, ачааг эх үүсвэрээс эцсийн хүргэлтийн цэг хүртэл зохион байгуулна. Тээврийн явцад гарах саатал, гэмтэл, алдагдал, бичиг баримтын зохицуулалт зэрэг бүхий л эрсдэл, хариуцлага нь нэг операторт төвлөрдөг нь энэхүү хэлбэрийн гол онцлог юм.
Давуу тал:
- Эрсдэлийн удирдлагад төвлөрсөн – Хариуцлага нэг талд төвлөрсөн тул маргаан, хариуцлага шилжүүлэх асуудал багасна. Ачааны гэмтэл, саатлын үед шийдвэрлэх процесс илүү шуурхай, тодорхой байдаг.
- Удирдлага, харилцаа энгийн – Захиалагч тал олон тээвэрлэгчтэй харилцах шаардлагагүй. Нэг цэгийн зохицуулалт нь менежментийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
- Томоохон төсөл, овор хэтрүү ачаанд тохиромжтой – Төслийн тээвэр, хүнд машин механизм, үйлдвэрийн иж бүрэн тоног төхөөрөмж зэрэг нарийн зохион байгуулалт шаардсан ачаанд илүү оновчтой.
- Deadline чухал үед найдвартай – Цаг хугацааны хатуу шаардлагатай нийлүүлэлтэд нэгдсэн хяналт, зохион байгуулалт давуу тал болдог.
Сул тал:
- Intermodal тээвэртэй харьцуулахад өртөг өндөр – Нэг оператор бүх эрсдэлийг хүлээдэг тул үнэ нь зарим тохиолдолд харьцангуй өндөр тогтох магадлалтай.
- Операторын мэргэжлийн чадавхаас шууд хамааралтай – MTO-ийн туршлага, олон улсын сүлжээ, эрсдэлийн удирдлага, санхүүгийн чадамж нь үйлчилгээний чанарт шууд нөлөөлнө.
Intermodal тээвэр гэж юу вэ?
Intermodal тээвэр гэдэг нь ачааг хоёр ба түүнээс дээш төрлийн тээврийн хэрэгслээр (жишээлбэл: далай, төмөр зам, авто зам) тээвэрлэх боловч, тээврийн төрөл бүр дээр тусдаа гэрээ, тусдаа хариуцлага, тусдаа оператор оролцдог зохион байгуулалтын хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, далайн тээврийг нэг компани, төмөр замын тээврийг өөр компани, авто тээврийг гурав дахь компани гүйцэтгэж болно. Үе шат бүрд шинэ гэрээ байгуулагдаж, тухайн сегментийн хариуцлага тухайн тээвэрлэгчид хамаарна. Энэ тохиолдолд нийт тээвэрлэлтийн зохицуулалтыг захиалагч өөрөө эсвэл түүний томилсон төлөөлөгч (forwarder, logistics manager) удирдана.
Давуу тал:
- Илүү уян хатан бүтэц – Маршрут бүр дээр тухайн чиглэлд мэргэшсэн, илүү өрсөлдөхүйц үнэтэй оператор сонгох боломжтой.
- Зарим нөхцөлд зардал бага – Зах зээлийн өрсөлдөөнийг ашиглан сегмент тус бүр дээр хамгийн оновчтой тариф тохирох боломжтой.
- Тухайн маршрутад мэргэшсэн оператор сонгох боломж – Жишээлбэл, далайн урт маршрутад туршлагатай шугам, харин дотоод авто тээвэрт тухайн бүс нутгийн хүчтэй оператор сонгох зэргээр чанар-үнэ тэнцвэржүүлэх боломжтой.
Сул тал:
- Хариуцлага тогтоох хүндрэл – Саатал, гэмтэл, алдагдал гарсан тохиолдолд аль үе шатанд, аль операторын буруугаас үүссэнийг тогтоох процесс төвөгтэй байж болно.
- Баримт бичиг, зохицуулалт их – Олон гэрээ, олон даатгал, олон тээврийн баримт бичиг шаардлагатай тул захиргааны ачаалал нэмэгдэнэ.
- Туршлагагүй байгууллагад эрсдэл өндөр – Нийлүүлэлтийн сүлжээний удирдлагын туршлага дутмаг бол саатал, давхардсан зардал, буруу төлөвлөлт үүсэх магадлал нэмэгдэнэ.
Ямар үед аль тээврийг сонгох вэ?
Multimodal тохиромжтой:
- Уул уурхай, эрчим хүч, үйлдвэрийн тоног төхөөрөмж
- Овор хэтрүү, өндөр үнэтэй ачаа
- Хугацааны шаардлага өндөр төсөл
- Ложистикийн дотоод баггүй байгууллага
Intermodal тохиромжтой:
- Стандарт контейнер ачаа
- Тогтмол урсгалтай импорт, экспорт
- Туршлагатай ложистикийн багтай компани
- Зардал хамгийн чухал хүчин зүйл үед
Multimodal болон Intermodal тээвэр нь орчин үеийн логистикийн салшгүй хэсэг бөгөөд аль аль нь тодорхой нөхцөлд оновчтой шийдэл болдог. Шийдвэр гаргахдаа дараах хүчин зүйлсийг системтэй үнэлэх шаардлагатай:
- Ачааны шинж чанар (үнэ цэнэ, хэмжээ, овор)
- Эрсдэлийн түвшин (даатгал, хариуцлагын бүтэц)
- Хугацааны шаардлага (төслийн deadline, нийлүүлэлтийн тасралтгүй байдал)
- Байгууллагын дотоод чадавх (ложистикийн туршлага, хяналтын систем)
Эдгээрийг бодитоор үнэлж, стратегийн түвшинд шийдвэр гаргах нь нийлүүлэлтийн сүлжээний үр ашиг, зардлын хяналт, эрсдэлийн удирдлагад шууд нөлөөлнө.