Овор хэтрүү ачаа тээвэрлэлт: Эрсдэлийн менежмент

Ложистикийн салбарт Oversized Loads (овор хэтрүү ачаа) нь стандарт хэмжээтэй ачаанаас ялгаатай нь онцгой тээвэрлэлтийн нөхцөлүүдийг шаарддаг. Ийм төрлийн ачаа нь зөвхөн хэмжээгээрээ бус, тээврийн эрсдэл, зөвшөөрөл, хөдөлгөөний зохицуулалтаараа онцлогтой тул мэргэжлийн ур чадвар шаардана. Дараах хүчин зүйлсийг урьдчилан тооцох нь эрсдэлийг бууруулах үндсэн нөхцөл болдог байна. Үүнд: 

 

Хэмжээ, жин ба тээврийн шаардлагын тодорхойлолт

Тухайн ачааны нийт урт, өргөн, өндөр, мөн нийт жинг замын стандарт тээврийн хэмжээтэй харьцуулан урьдчилан тодорхойлж, гүүр, хоолой, замын дагуух саад, эргэлтийн радиусын хязгаарлалтыг давсан эсэхийг нарийвчлан тооцох шаардлагатай. Ялангуяа уулын болон хөдөө орон нутгийн замд ийм төрлийн ачаа тээвэрлэх тохиолдолд замын нөхцөл, налуу, эргэлт зэргийг харгалзан тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, техникийн шийдэл ашиглах нь зайлшгүй юм. 

 

Зөвшөөрөл, хууль эрх зүйн зохицуулалт

Овор хэтрүү ачааг мэргэшсэн, туршлагатай жолооч тээвэрлэх шаардлагатай бөгөөд үүнтэй зэрэгцэн улсын болон орон нутгийн замын хөдөлгөөний дүрэм, онцгой ачаанд хамаарах эрх зүйн шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Эдгээр зохицуулалтыг мөрдөөгүй тохиолдолд тээвэрлэлтийн явцад саатал, торгууль, аюулгүй байдлын эрсдэл үүсэх магадлал нэмэгддэг. 

 

Тээврийн маршрут болон эрсдэлийн үнэлгээ

Тээврийн маршрутыг сонгохдоо нийт замын урт, өргөн, гүүр, эргэлтийн радиус, уулын болон хөдөө нутгийн замын нөхцөл зэрэг хүчин зүйлсийг нарийвчлан судалж, цаг агаарын өөрчлөлтөөс үүдэх эрсдэлийг урьдчилан тооцох шаардлагатай. 

 

Тээврийн хэрэгсэл ба техникийн шийдэл

Ачааны хэлбэр болон оворт тохирсон Low-bed trailer, extendable flatbed гэх мэт тусгай тээврийн хэрэгсэл ашиглан ачааг хөдөлгөөнд ороход шилжихгүй, тэнцвэрээ алдахгүйгээр бэхэлж, түүнчлэн LED гэрэл, сэрэмжлүүлгийн самбар, эргүүлэх дохио зэрэг тээврийн аюулгүй байдлын тоног төхөөрөмжийг бүрэн ашиглан аюулгүй байдлыг хангаж тээвэрлэнэ. 

 

Харилцаа холбоо ба тээвэр зохион байгуулалт

Замын хяналт ба зохицуулалтад замын хөдөлгөөний цагийн хязгаар, хяналтын камер, замын багтай уялдуулах зэрэг арга хэмжээг багтаадаг. Мөн жолооч, туслах ажилтан, маршрут зохицуулагч нарын хооронд шуурхай харилцаа, уялдаа холбоог хангах нь чухал. Эдгээрийг дагалдах автомашин (Escort vehicle) ашиглан хэрэгжүүлэх нь осол, саатлыг урьдчилан сэргийлэхэд тусалдаг. 

 

Эрсдэлийг бууруулах зөвлөмж

Зарим тохиолдолд ачааг урьдчилан бэлтгэж, туршилтын тээвэр хийх шаардлагатай байдаг. Мөн онцгой ачааны тээвэрлэлтийг даатгалд хамруулж, санхүүгийн эрсдэлийг урьдчилан хамгаалах нь чухал. 

Овор хэтрүү болон төслийн тээвэрлэлт нь стандарт ачаанаас ялгаатай нь эрсдэлийн удирдлага, техникийн иж бүрэн төлөвлөлт, хууль эрх зүйн зохицуулалт шаардагддаг учир ийм төрлийн тээврийг туршлагатай бөгөөд мэргэжлийн түншийг сонгох нь стратегийн ач холбогдолтой шийдвэр байдаг. 

 

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn