Олон улсын ложистикийн шийдвэр гаргахдаа хамгийн эхэнд тавигддаг асуулт бол “Ачаагаа бүтэн контейнероор илгээх үү (FCL), эсвэл түүвэрлэж (LCL) илгээх үү?” гэдэг асуудал байдаг. Энэ нь зөвхөн тээврийн зардлын ялгаа биш цаг хугацаа, эрсдэл, хадгалалт, хангамжийн сүлжээний уялдаа гээд олон хүчин зүйлсийг хамарсан стратегийн шийдвэр юм.
FCL (Full Container Load) буюу “бүтэн контейнерын ачаа” нь тухайн контейнерыг зөвхөн нэг илгээгчийн ачаагаар дүүргэн тээвэрлэх хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, 20’ эсвэл 40’ контейнерыг бүрэн эзэмшиж, бүх ачаа таны мэдэлд байдаг. LCL (Less than Container Load) буюу “түүвэр ачаа” нь таны ачаа бусад импортлогчдын ачаатай нэг контейнерт нэгтгэгдэн тээвэрлэгдэх хэлбэр юм. Дээрх 2 төрлийг сонгохдоо нийтлэг дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ. Үүнд:
Ачааны хэмжээ ба жин
Таны илгээж буй ачаа хэр хэмжээтэй вэ? Хэрэв ачаа контейнерын 60–70 хувийг дүүргэж байвал FCL буюу бүтэн контейнерын тээвэр илүү үр ашигтай. Учир нь үлдсэн багтаамжийг ашиглахгүй байсан ч, бүтэн контейнер захиалснаар ачааны аюулгүй байдал, хүргэлтийн хурд хангагдана.
Хүргэлтийн хугацаа
Хугацаа шахуу, төлөвлөгдсөн нийлүүлэлттэй бизнесүүдэд FCL хамгийн тохиромжтой. Учир нь FCL ачаа бусдын бараатай холилдохгүй, шууд ачигдаж, нэгтгэх болон буцаан задлах процесс шаардахгүй. Харин хэмнэлт чухал, хүлээлт урт хугацаанд боломжтой бол LCL нь илүү уян хатан шийдэл болно.
Бүтээгдэхүүний төрөл
Бүх бараа адилхан нөхцөл шаарддаггүй. Хэрэв таны ачаа эм, цахилгаан бараа, үнэт эдлэл, эсвэл температурын горимтой бүтээгдэхүүн бол FCL сонгох нь илүү оновчтой. Энэ тохиолдолд ачаа ганц хаягаар, тогтсон температуртай, битүү орчинд хүргэгддэг тул чанарын баталгаа илүү найдвартай.
Тээврийн давтамж
Жижиг хэмжээтэй боловч тогтмол захиалгатай бизнесүүдэд LCL бол хамгийн ухаалаг шийдэл юм. Жишээ нь, онлайн худалдааны компани сар бүр 2–3 м³ бараа авдаг бол ачаагаа бүтэн контейнер дүүртэл хүлээх нь хөрөнгийн эргэлтийг саатуулна. LCL нь ийм нөхцөлд тасралтгүй нийлүүлэлтийг хадгалж, агуулахын зардлыг бууруулдаг. Харин томоохон үйлдвэрлэлийн байгууллагууд урьдчилсан төлөвлөгөөтэйгөөр FCL ашигласнаар нөөцийн удирдлага, ложистикийн урсгалаа тогтмол байлгах боломжтой.
