Reverse logistics буюу буцах урсгалт ложистик гэдэг нь хэрэглэгчид хүрсэн бүтээгдэхүүн дахин нийлүүлэлтийн сүлжээгээр дамжин эргэж ирэх процессыг хэлнэ. Үүнд:
- Бараа буцаалт /Хэрэглэгчээс барааг хүлээж авах/
- Баталгаат хугацааны засвар
- Дахин боловсруулалт (recycling)
- Сэлбэг, сэргээн ашиглалт
- Хаягдал барааны устгал зэрэг хамаарна.
Reverse logistics-ийг оновчтой хэрэгжүүлэх нь байгууллагад санхүүгийн, үйл ажиллагааны болон тогтвортой хөгжлийн гурвалсан үр өгөөж бий болгодог. Буцаалт, дахин ашиглалт, дахин боловсруулалт зэрэг үйл явцыг системтэй зохион байгуулах нь зөвхөн зардлыг бууруулахаас гадна харилцагчийн сэтгэл ханамж, үнэнч байдлыг нэмэгдүүлж, брэндийн нэр хүндийг бэхжүүлэх стратегийн хэрэгсэл болдог.
Мөн буцаалтын явцад хуримтлагдах бүтээгдэхүүн болон хэрэглэгчийн өгөгдөл нь нийлүүлэлтийн сүлжээний гүйцэтгэлд үнэтэй дүн шинжилгээний мэдээлэл өгч, бүтээгдэхүүний чанар, хэрэглэгчийн туршлага, үйлчилгээний түвшинг тасралтгүй сайжруулах боломжийг бүрдүүлдэг.
Reverse logistics-ийн нэг томоохон сорилт нь урсгалын хоёр талт (bi-directional) шинж чанартай холбоотой. Энэ нь зөвхөн урагш чиглэсэн урсгалыг бус, буцах урсгалыг зэрэгцээ, уялдаа холбоотойгоор удирдахыг шаарддаг. Үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд автоматжуулалт болон хяналтын программ хангамж бүхий дэд бүтэц зайлшгүй шаардлагатай бөгөөд систем нь буцаалтын бүх үе шатыг бүртгэж, хянах боломжтой байх ёстой.
Гэхдээ зөвхөн дэд бүтэц бий болгох нь хангалтгүй. Менежмент нь уг тогтолцооны үр ашгийг тасралтгүй хянах, үнэлэх, сайжруулах үйл явцыг тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай. Нийлүүлэлтийн сүлжээний иж бүрэн дүр зургийг харахын тулд компаниуд inbound болон outbound logistics-ийг зэрэгцээ хянах хэрэгтэй байдаг. Inbound logistics нь нийлүүлэгчээс үйлдвэрлэгч хүртэлх урсгалыг, outbound logistics нь үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх урсгалыг удирддаг бол reverse logistics нь нийлүүлэлтийн сүлжээний аль ч цэгээс эхлэх боломжтой тул түүний удирдлага илүү төвөгтэй болдог.
Судалгаагаар зөвхөн АНУ-ын хэмжээнд буцаалтын зах зээл 2024 онд 931.85 тэрбум ам.доллар, 2027 он гэхэд 1 их наяд ам.доллар давах төлөвтэй байна (eMarketer). Үүний зэрэгцээ хэрэглэгчдийн хүлээлт эрс өөрчлөгдөж, буцаалтын үйл явцын энгийн, ойлгомжтой, хурдан шийдэл нь худалдааны шийдвэрт шууд нөлөөлөх болсон. Энэ үзэгдлийг салбартаа “Amazon Effect” гэж нэрлэх бөгөөд буцаалтын тодорхой бус эсвэл төвөгтэй бодлого нь хэрэглэгчийн худалдан авалтыг шууд тасалдуулах хүчин зүйл болж байна.
Дэлхий даяар цахим худалдаа эрчимтэй өсөж, хэрэглэгчийн хүлээлт илүү өндөр болж байгаа энэ үед reverse logistics нь бизнесийн зайлшгүй хэрэгцээ болон төлөвшжээ. Зөвхөн буцаалт зохицуулах ажиллагаа бус, харин үнэ цэнийг нөхөн сэргээх, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, хэрэглэгчийн итгэлийг бататгах стратегийн цөм болсон байна.
Иймээс Монголын компаниуд өнөөдрөөс эхлэн reverse logistics-ийн дэд бүтэц, процесс, технологийн шийдлийг үе шаттайгаар нэвтрүүлснээр зөвхөн гадаад зах зээлтэй өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх төдийгүй дотоодын хэрэглэгчийн сэтгэл ханамж, бизнесийн тогтвортой өсөлтийн үндсийг бүрдүүлэх боломжтой юм.
