Хүн төрөлхтний аж ахуй, худалдаа, харилцаа холбооны хөгжилд тээвэр ложистикийн дэвшилтэт шийдлүүд онцгой үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Анх морь, тэрэг, модон замаас эхэлсэн тээвэрлэлтийн систем өдгөө хиймэл дагуул, автомат дрон хүргэлттэй болж, технологиос хамааралтай өндөр нарийвчлал бүхий ухаалаг ложистик руу шилжээд байна.
Тээврийн зардал бууруулах, цаг хугацаа хэмнэх, аюулгүй байдал хангах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт хийх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд дараах түүхэн нээлтүүд голлох нөлөө үзүүлжээ.
Тээврийн чингэлэг (1956)
АНУ-ын тээврийн компанийн эзэмшигч Малколм МакЛин тээвэрлэлтийн зардал болон цаг хугацаа хэт их байгааг анзаарч, шинэ санаа дэвшүүлсэн нь ган чингэлэг байв.
1956 оны 4-р сарын 26-нд тэрээр “Ideal X” хөлөг дээр 58 ширхэг ган чингэлэг байрлуулан Нью Жерсигээс Хьюстон руу тээвэрлэж, анхны чингэлэгт суурилсан далайн тээврийг амжилттай хийжээ.
Энэ нээлт нь ачааг илүү хялбар, хурдан, хямд зардлаар тээвэрлэх боломжийг олгосон бөгөөд ачих, буулгах зардлыг 90% хүртэл бууруулж, дэлхийн худалдааны өсөлтөд чухал хувь нэмэр оруулсан.

Төмөр замын сүлжээ (19-р зуун)
1767 онд анхны төмөр замыг ашиглаж эхэлсэн бөгөөд модон замыг илүү бат бөх ган төмөр замаар солив.
1804 онд Английн инженер Ричард Тревитик анхны уурын зүтгүүртэй тээврийн хэрэгслийг зохион бүтээснээр төмөр замын хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн. Үүнээс 21 жилийн дараа буюу 1825 онд Жорж Стефенсон-ы бүтээсэн Locomotion No.1 зүтгүүр нь Английн Stockton–Darlington хооронд зорчигч, ачаа тээвэрлэсэн анхны төмөр зам болж албан ёсоор ашиглалтад оржээ.
Төмөр зам нь тээврийн зардлыг бууруулж, цаг хугацааг хэмнэж, үйлдвэрлэл, худалдааны өсөлтийг дэмжсэн чухал дэвшил болсон юм.

Баркод ба сканер технологи (1974)
1974 онд АНУ-ын Охайо мужийн Трой хотын супермаркетад Wrigley’s бохь дээр анхны UPC баркод сканердаж бүртгэсэн түүхтэй.
Энэ технологийн үндэс суурийг тавьсан хүн бол Филадельфи дахь Дрекселийн хүрээлэнгийн төгсөх ангийн оюутан Норман Жозеф Вүүдланд байсан бөгөөд тэрээр Морзын код-оос санаа авч, цэг ба зураасыг нарийн, өргөн шугам болгон сунгаж анхны загварыг гаргажээ.
Эцэст нь АНУ-ын бүх бүтээгдэхүүн нийтлэг кодтой болж, UPC (Universal Product Code) стандарт батлагдсан. Энэхүү технологи нь барааны бүртгэл, агуулахын менежмент, борлуулалтын процессыг автоматжуулж, үйл ажиллагааны үр ашгийг эрс нэмэгдүүлсэн юм.

GPS ба тээврийн хэрэгслийн хяналт (1990-д оноос)
1957 онд ЗХУ анхны хиймэл дагуул Sputnik-1-ийг хөөргөснөөр, АНУ-ын эрдэмтэд түүний дохионы давтамжийг судалж, хиймэл дагуул ашиглан газрын байршлыг тогтоох боломжтойг анзаарсан.
Энэ санаа дээр үндэслэн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин анхны хиймэл дагуулт навигацийн систем (Transit)-ийг боловсруулсан.
1990-ээд оноос эхлэн GPS технологи нь тээврийн хэрэгслийн байршлыг бодит цагт хянах боломжийг олгож, логистикийн менежментэд хувьсгал авчирсан.
Энэ нь замын оновчлол, түлшний хэмнэлт, хүргэлтийн хугацааг сайжруулах чухал технологи болсон.

Дрон ба өөрөө явагч хүргэлтийн машин (2016)
1916 онд анхны нисгэгчгүй цэргийн зориулалттай төхөөрөмжийг Их Британи туршсан нь дрон технологийн эхлэл байв.
2016 онд АНУ-ын Невада мужид Flirtey компани анхны бүрэн автомат дрон хүргэлтийг амжилттай хийсэн нь алслагдсан бүс нутгуудад бараа бүтээгдэхүүн хүргэх шинэ боломжийг нээсэн юм.
Өнөөдөр дроныг хүргэлт, газар зүйн зураглал, хөдөө аж ахуй, осол аваарын хяналт зэрэг олон салбарт ашиглаж байна.

