Аливаа ачааг импортлох болон экспортлоход таны хамгийн түрүүнд мэдэх ёстой зүйл бол ачааны төрлүүд. Ачааны хэлбэр, хэмжээ, онцлогоос шалтгаалаад аль төрлийн тээвэрлэлт тохиромжтой болох нь шийдэгддэг. Танд хамгийн түгээмэл ачааны төрлүүдийг товч, ойлгомжтойгоор тайлбарлаж хүргэе.
Чингэлэгт ачаа (FCL – Full Container Load) – Бүтэн чингэлэг дүүргэх хэмжээтэй ачаа. Энэ нь нэг үйлчлүүлэгчийн ачаа бүтэн чингэлэгт байх бөгөөд аюулгүй, түргэн, гаалийн энгийн бүрдүүлэлттэй байдаг. Ихэвчлэн том хэмжээтэй захиалга болон олон төрлийн ачаатай тээвэрлэлтэд тохиромжтой.
Түүвэр ачаа (LCL – Less than Container Load) – Бусад хүмүүсийн ачаатай хамт нэг чингэлэгт ачигддаг нийлмэл ачаа. Энэхүү ачаа нь хуваарьт тээвэрлэлтийн дагуу явдаг бөгөөд бага хэмжээтэй ачаанд зардал хэмнэдэг давуу талтай. Захиалга багатай болон шинээр эхлүүлж буй бизнесүүдэд илүү тохиромжтой.
Задгай ачаа (Break Bulk Cargo) – Чингэлэгт багтдаггүй, том оврын, хэлбэргүй ачаа. Хайрцаг, палет, савгүй байдлаар тээвэрлэгддэг бөгөөд үүнд том генератор, үйлдвэрийн машин, ган хийц гэх мэт ачаанууд багтдаг.
Овор хэтрүү ачаа (Oversized Cargo) – Стандарт чингэлэгт багтахгүй, тусгай машин, зөвшөөрөл шаарддаг ачаа. Энэхүү ачааг тээвэрлэхэд туршлага, нарийн ур чадвар шаардагддаг бөгөөд ихэвчлэн барилгын кран, уул уурхайн болон үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг төслийн ачаанууд орно.
Эдгээрээс гадна аюултай ачаа (Dangerous Goods), температурын зохицуулалттай ачаа (Reefer Cargo), нунтаг болон шингэн задгай ачаа (Bulk Cargo), Roll-on/Roll-off (RoRo) дугуйтай ачаа зэрэг тусгай тээвэрлэлтийн нөхцөлтэй ачаанууд байдаг. Бизнес тань өсөхийн хэрээр ачааны төрөл бүртэй харьцах шаардлага гардаг. Аль төрлийн тээвэрлэлт таны бараанд аюулгүй, хэмнэлттэй бөгөөд оновчтой байхыг мэдэх нь ложистикийн зөв шийдвэр гаргах эхлэл юм.
