Агаарын тээвэрлэлт хийлгэхдээ анхаарах зүйлс

Агаарын тээвэр нь түргэн шуурхай, найдвартай, олон улсын хүргэлтийн хамгийн үр ашигтай тээвэрлэлтийн арга бөгөөд шуурхай хүргэлт хийлгэх шаардлагатай бизнесүүд болон хувь хүмүүс ихэвчлэн сонгодог. Гэвч тухайн тээврийн онцлогоос хамаарч онгоцоор ачаа тээвэрлүүлэхэд хэд хэдэн анхаарах зүйлс бий.

Ачааны төрөл, онцлогийг тодорхойлох

Тээвэрлэх бараа бүтээгдэхүүн нь тодорхой жингийн, хэмжээсний болон аюулгүй байдлын шаардлагад нийцсэн байх ёстой. Нийтлэг тээвэрлэгддэг бараа бүтээгдэхүүн нь ердийн бараа, аюултай ачаа буюу тусгай зохицуулалттай ачаа, хурдан муудах бараа буюу сэрүүн хадгалалт шаардлагатай бараа, өндөр үнэтэй бараа зэргээр ангилагдана. Зарим барааг онгоцоор тээвэрлэхийг хориглосон эсвэл тусгай зөвшөөрөл шаарддаг тул урьдчилан тээврийн компанитай зөвлөлдөх хэрэгтэй.

Ачааны савлагаа, шошгын шаардлага

Бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтээс үүдэлтэй гэмтлээс сэргийлэхийн тулд тухайн бараанаас шалтгаалж доргилтын эсрэг материал болон ус чийг, температурын өөрчлөлтөд тэсвэртэй материалаар баглах шаардлага үүсэж болно. Мөн нэмэлтээр аюултай ачаа, амархан хагарах бүтээгдэхүүнүүд тусгай тэмдэглэгээтэй байх ёстой.

Тээвэрлэлтийн хугацааг тооцох

Агаарын тээвэр далайн болон авто тээврээс илүү хурдан ч, тодорхой нөхцөлөөс шалтгаалан саатах боломжтой. Мөн буухиа, стандарт болон олон улсын тээвэрлэлтийн хугацааны ялгаатай байдал болон баярын өдрүүд, цаг агаарын нөхцөл, агаарын тээврийн компанийн ачаалал зэргээс хамааран хугацаа өөрчлөгдөх боломжтой тул урьдчилан төлөвлөх нь зөв юм.

Тээврийн зардлыг тооцох

Тээвэрлэлтийн зардал нь тухайн барааны жин, овор, тээвэрлэх зай болон онгоцны багтаамжтай шууд холбоотой байдаг. Бараа нь хүнд бөгөөд жижиг хэмжээтэй бол жингээр, хөнгөн боловч овор хэмжээ ихтэй бол овор хэмжээгээр тээврийн зардал тооцоолдог.

Гаалийн бүрдүүлэлт, баримт бичиг

Олон улсын ачаа тээвэрлэхэд шаардлагатай бичиг баримтуудад нэхэмжлэх, ачааны баримт, гаалийн мэдүүлэг, тусгай зөвшөөрөл зэргээс гадна гаалийн хураамж болон татвар тооцогдох боломжтой тул энэ талаар тээврийн компанитай урьдчилан зөвлөлдөөрэй.

Ачааны даатгал хийлгэх

Агаарын тээвэр хурдан ч ачааны эвдрэл, алдагдал, онгоцны саатал гэх мэт эрсдэлтэй тул ачааны даатгал хийлгэх нь эрсдэлээс сэргийлж буй явдал юм. Өөрийн ачаагаа даатгуулснаар  гэмтсэн, алдагдсан тохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой бөгөөд өндөр үнэтэй бараанд зайлшгүй шаардлагатай.

 

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn