Дараагийн хөгжлийн түвшинд гарах салбар бол “ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН САЛБАР”

МОНЛОЖИСТИКС ГРУПП IPO бэлтгэл ажилдаа орлоо…

Өнгөрсөн тавдугаар сарын эхээр Investment Expo арга хэмжээний үеэр Монложистикс группийн толгой компани болох “Монложистикс Холдинг” ХХК олон нийтэд нээлттэй компани болох гэж буйгаа албан ёсоор зарласан нь Монголын хөрөнгийн зах зээл төдийгүй тээвэр ложистикийн салбарт содон үйл явдал байлаа. Учир нь манай улсын дэд бүтэц хязгаарлагдмал, олон улсын төвшинд өрсөлдөх чадварын хувьд хангалтгүй тул энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын өрсөлдөх чадвар ч түүгээр тодорхойлогдох хандлагатай байдаг. Энэ тохиолдолд тухайн компани олон жилийн туршлага, оновчтой засаглал, үйлчилгээний найдвартай байдлаараа л хэрэглэгчдээ татдаг. Харин Монложистиксын хувьд өнгөрсөн 18 жилийн түүхэндээ хуримтлуулсан хамгийн том үнэт зүйл нь туршлага байв.

 

Монложистикс Групп IPO хийхээр шийдсэн нь тээвэр ложистикийн салбар тэлэлтийн мөчлөг дээр ирсний нэг дохио юм. Тээвэр ложистик нь дэлхийн худалдааны үнэ цэнийн сүлжээнд үр дүнтэй холбогдвол улс орны өрсөлдөх чадварыг огцом дээшлүүлдэг, эдийн засагт цэвэр валют оруулж ирдэг экспортын чухал чиглэл юм. “Энэ салбарын өсөлт, тэлэлтийн давуу талыг ашиглахын тулд хөрөнгө оруулалт шаардлагатай.

Хувьцаат компани болох бэлтгэл ажил сүүлийн хоёр жил өрнөсөн бөгөөд туслан гүйцэтгэгчдийнхээ үйлчилгээг ч байнга сайжруулж ирснийг дурдлаа. Энэ бүхний эцсийн зорилго нь Монгол Улсын тээврийн салбарт олон улсын стандартыг нэвтрүүлэх юм. Одоогоор холдингийн харьяанд нийт найман охин компани үйл ажиллагаа явуулж, импорт, экспорт, транзит болон дотоодын тээвэр гэсэн зах зээлийн дөрвөн өөр нөхцөлд, гадна дотнын олон зуун компанитай өрсөлдөж байна.

 

Монложистикс группийн импортын тээврийн үйлчилгээндээ нэмүү өртөг шингээдэг нэг шийдэл нь харилцагчдадаа 30 хоногийн хугацаатай олгодог хүүгүй зээл юм. Тодруулбал, ихэнх олон улсын тээвэрлэгч компаниуд ачааг тээвэрлэж эхлэх цэгээс төлбөрөө авдаг бол Монложистикс нь захиалагч бараагаа зарж борлуулсан эсэхээс үл хамааран ачааг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор мөнгөө төлөх гэрээ байгуулдаг. Ийм байдлаар ачаа эзэндээ ирэх хүртэлх бүх тээвэрлэлтийн зардлыг санхүүжүүлж, энэ нь худалдааны компаниудад санхүүгийн том хөнгөлөлт болдог байна.

Өнөөдөр Монгол Улс дэлхийн бараг 160 орноос бараа, материал импортолж, импортоор хэрэглээнийхээ 60-70 хувийг гаднаас хангадаг.

 

  • Импортын тээвэр ба амьдралын өртөг

Уншигч та дэлгүүрээс 100 мянган төгрөгийн үнэтэй цахилгаан бараа худалдаж авсан тохиолдолд 20-30 мянган төгрөгийг тээвэр ложистикт төлдөг гэдгээ мэдэх үү? Тодруулбал, бидний амьдралын өртгийн бараг дөрөвний нэгийг буюу 20-30 хувийг тээврийн зардал эзэлдэг гэж хэлэхэд болно. Энэ бол дэлхийн улс орнуудтай харьцуулахад маш өндөр тоо. Харин далайд гарцтай АНУ-д энэ тоо 5-8 хувь, Хятадад 6-9 хувь байдаг. Товчоор хэлбэл, монголчууд бүгдээрээ тээвэр ложистикийн хэрэглэгчид, тэр тусмаа хамгийн өндөр үнэ төлдөг хэрэглэгчид юм.

Тэр нь арга ч үгүй. Өнөөдөр Монгол Улс дэлхийн бараг 160 орноос бараа, материал импортолж, импортоор хэрэглээнийхээ 60-70 хувийг гаднаас хангадаг. Импортын тээвэр зогсвол бидний амьдрал бас зогсох аюултайг цар тахлын үеэр сайн ойлгосон. Өөрөөр хэлбэл, монголчуудын амьдрал импортын тээврээс тэр чигтээ хараат.

Гэвч импортын тээвэр нь манай улсын газар зүйн байршил, дэд бүтцийн салбарын хөгжлөөс хамаараад дээр дурдсан 20-30 хувийн өртөг бий болдог. Дэлхийн банкнаас гаргасан ложистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол Улс 160 орноос 130-д жагссанаас дэд бүтэц дээр хамгийн бага оноо авдаг.

Энэ нөхцөлд импортын тээвэр нь далай, агаар, төмөр зам, авто замыг хослуулан маш урт зам туулдаг, олон улсын тээвэрлэгч компаниудтай хамтарч, зааварчилгаа өгч, ачаа барааг хэрэглэгчийн гарт найдвартай, түргэн шуурхай хүргэх зорилготой угсармал менежментийн ажил болдог. Энэ л ажлыг бидний мэдэх тээвэр зуучийн компаниуд хийж, зах зээлд өрсөлддөг. Тэгвэл монголчуудын хувьд газар зүйн болоод түүхэн өгөгдөл нь өрсөлдөх чадварыг нь цаанаасаа л сул байлгадаг энэ салбарт хувийн хэвшил чухам ямар үнэ цэн, давуу талыг санал болгож, харилцагчдаа татах вэ гэдэг нь тун ярвигтай хэрэг.

Монголын нүүрсний уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд ойролцоогоор 100 сая тонн олборлох хүчин чадалтай. Гэвч түүнийг тээвэрлэн экспортлох ложистикийн хүчин чадал нь 40 сая тонноос хэтрэхгүй.

  • Экспортын тээвэр ба эдийн засаг

 

Эдийн засаг дахь цусны эргэлтийг хүчилтөрөгчөөр хангадаг нэг том “судас” бол экспортын тээвэр юм. Энэ судсаар Монгол Улс орлогын гол эх үүсвэр болсон уул уурхайн түүхий эд, тэр дундаа нүүрс тээвэрлэдэг бөгөөд энэ төрлийн экспортын хэмжээ сүүлийн 10 гаруй жилд үлэмж нэмэгджээ.

 

Хэрэв Монголын нүүрсний уурхайнууд бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд ойролцоогоор 100 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Гэвч түүнийг тээвэрлэн экспортлох ложистикийн хүчин чадал нь 40 сая тонноос хэтрэхгүй. Тиймээс жилд 300 сая орчим тонн нүүрс импортолдог Хятадын аварга зах зээлд ядаж 50 сая тонн нүүрс нийлүүлэхийн тулд тээвэр ложистикоо хөгжүүлэхээс өөр гарцгүй.

 

Энэ үүднээс сүүлийн жилүүдэд Засгийн газар стратегийн уг хэрэгцээг илүү сайн ойлгож, уг салбарт түүхэн хөрөнгө оруулалтууд хийсэн билээ. Монгол Улс  өнгөрсөн дөрвөн жилд Ханги, Гашуунсухайт, Зүүнбаян гэсэн гурван чиглэлээр 887 км төмөр зам барьсан нь сүүлийн 70 жил энэ салбарт хийгдээгүй том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болсон юм. Хэрэв Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд тавьсан зорилтууд биелж, дээрх гурван төмөр замынхаа хилийн холболтыг хийгээд, бусад шаардлагатай дэд бүтцийг барьчихвал 2027 он гэхэд нүүрсний экспортын ложистикийн хүчин чадал 80 сая тоннд хүрэх боломжтой аж.

 

Одоогоор транзит тээврийн хэмжээ 3.2 сая тонн орчим байгаа бөгөөд энэ зах зээлийн томоохон тоглогчдын нэгээр мөн л Монложистиксыг нэрлэдэг.

Транзит тээвэр ба Монголын коридор 

 

Дэлхийн худалдаан дахь бараа материалын урсгалыг харвал өмнө талдаа Хятад, Вьетнам зэрэг үйлдвэрлэгч улс, хойд талдаа ОХУ, Европ тэргүүтэй хэрэглэгч орнууд байдаг. Тиймээс энэ хоёрыг холбосон дэд бүтцийн сүлжээнүүд стратегийн маш том ач холбогдолтой. Харин Монгол Улс ачааны энэхүү урсгалын тэг дунд байгаа нь транзит тээврийнхээ хүчин чадлыг нэмж чадвал орлогын том эх үүсвэртэй болох боломжтой. Сүүлийн жилүүдэд транзит тээврийн орлого өссөн дүнтэй байгаа ч тээвэр ложистикийн хүчин чадлын улмаас Хятад, Европыг холбосон ачааны урсгалын 15 хувь нь л Монголын коридороор дамжиж байна.

 

Монголын коридорын давуу тал нь усан замаар 30-50 хоног тээвэрлэх ачааг төмөр замаар 15-20 хоногт багтаан Европын томоохон худалдааны хотуудад хүргэх боломжтой. Хэрэв Боомтын сэргэлтийн хүрээнд Монголын баруун, зүүн коридорын төмөр замууд баригдвал транзит тээврийн хүчин чадал одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ. Ингэснээр Монгол Улс газар зүйн байршлын сул талаа давуу тал болгож, транзит улс болох суурь тавигдана.

 

Эх сурвалж: Business.mn
Зураг: Unread

 

 

Хуваалцах:

Facebook
Twitter
LinkedIn

Дэлхийрүү тэмүүлэх
үндэсний брэнд

Тээвэр ложистикийн салбарын мэдээллийг авахыг хүсвэл имэйл хаягаараа бүртгүүлээрэй.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

ХОЛБОО БАРИХ

Монгол улс, Улаанбаатар хот,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Нью хоризонс оффис,
11 давхар, 1101 тоот

+976 7701-5454

info@mlholding.mn

Monlogistics Holding LLC © copyright 2022. All Rights Reserved.

Хамтран ажиллах хүсэлт илгээх

Hamtran ajillah